”Хятад барилгын компанийн хоолноос болж хорт хавдар туссан”

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын, тэр дундаа Хятадын хөрөнгө оруулалттай барилгын компаниудыг тойрсон асуудал сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Эхний асуудлууд нь намжиж амжаагүй байхад бас нэгэн асуудал урган гарлаа. Юу гэхээр, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны иргэн Ч.Мөнхцэцэг хэвлэлийн бага хурал зарлаж, Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Тод Чоно” хэмээх барилгын компанид ажиллаж байсан нөхөр, хүү хоёр нь эрүүл мэндээрээ ноцтой хохирсон гэх мэдээллийг өгсөн юм. Түүний хэлснээр нөхөр В.Батсүх нь тус компанид Хятад хэлний орчуулагчаар долоон жил, хүү Б.Очгэрэл нь жолоочоор дөрвөн жил ажиллаж байжээ. Гэтэл тус компанийн ажилчиддаа өгч байсан хоол, хүнсний бүтээгдэхүүнээс болж нөхөр В.Батсүх нь элэгний хорт хавдар туссанаас гадна хүү Б.Очгэрэл нь ходоодны шархтай болсон гэв. Энэ талаар Ч.Мөнхцэцэгтэй ярилцлаа.

 

-Хятадын хөрөнгө оруулалттай “Тод Чоно” хэмээх компанийн ажилчиддаа өгч байсан хоол, хүнсний бүтээгдэхүүнээс болж таны хүү, нөхөр хоёр эрүүл мэндээрээ хохирсон гэсэн мэдээллийг өглөө. Энэ талаар дэлгэрүүлбэл?

-Гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд манай улсын хууль, дүрмийг маш их зөрчиж байна. Манай нөхөр В.Батсүх энэ компанид Хятад хэлний орчуулагчаар долоон жил, хүү Б.Очгэрэл жолоочоор дөрвөн жил ажиллаж байсан юм. Гэтэл тус компанийн эзэд болох Хятад улсын Жу Зиан мужийн иргэн Сун Зи Хуа, Цай Зун Ши нар эрүүл мэндийн доройтолттой болсон гэх үндэслэлээр манай нөхрийг есдүгээр сарын 10-нд, хүүг маань есдүгээр сарын 13-нд ажлаас нь гэнэт халсан. Улмаар эрүүл мэнд, биеийн байдал нь улам муудаад байхаар Хятад улсад эрүүл мэндийн оношлогоо хийлгэхэд элэгний хорт хавдартай гэсэн онош гарсан. Энэ нь “Тод Чоно” компанийн ажилчиддаа өгч байсан хоол хүнснээс болсон нь гарцаагүй. Мөн манай хүү ходоодны шархтай болчихсон байна. Ингээд ч зогсохгүй эмнэлгээр явах үед нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал нь огт төлөгдөөгүй байсан. Уг нь анх орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тэр үедээ манай нөхөр нийгмийн даатгал төлөх хүсэлт олон удаа тавьж байсан боловч удахгүй зохицуулна гэсэн хариуг л өгч байсан.

 

-Одоо нөхрийн тань бие ямар байгаа вэ?

-Одоо нөхрийн минь бие маш муу байгаа. Өнөө, маргаашгүй болчихоод эм, тариагаар л амьд явж байна.  

 

-Энэ талаар холбогдох байгууллагуудад хандсан уу?

-Хандсан. БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн байцаагчид “Тод Чоно” компани дээр очиж шалгалт хийн хоол хүнсний аюулгүй байдал алдагдсан, ундны уснаас нь бактери илэрсэн гэх хэд хэдэн зөрчлийг илрүүлж арга хэмжээ авсан.

 

-Нөхрийнхөө эмчилгээнд хэчнээн төгрөг зарцуулаад байна вэ?

-Нийт 16 сая гаруй төгрөг зарцуулсан. Хятад улсад очиж шинжилгээ хийлгэхэд элэгний хорт хавдартай гэсэн онош гарсан.

 

-“Тод Чоно” компанийн зүгээс ажилчиддаа өгч байсан хоол хүнснээс болж нөхөр тань элэгний хорт хавдартай болсон гэж яаж батлах вэ. Ямар нэгэн баримт байгаа юу?

-Миний нөхөр одоо 50 настай. Өмнө нь эрүүл саруул байсан хүн идэж буй хоол хүнснээсээ болж л хорт хавдар тусна шүү дээ. Өглөө 06.00 цагаас шөнийн 00.00 цаг хүртэл ажилладаг байсан.

 

-Танай хүү, нөхөр хоёр энэ компаниас хэдэн төгрөгийн цалин авдаг байсан бэ?

-Манай нөхөр анх 800 мянга, хүү 600 мянган төгрөгийн цалин авдаг байсан.

 

-Та бүхний зүгээс “Тод Чоно” компанийн удирдлагуудад хандсан уу. Тэдний зүгээс ямар тайлбар өгч байх юм бэ?

-Би өмгөөлөгчтэйгээ тус компани дээр очин үнэн байдлаа хэлж, санхүүгийн тусламж үзүүлэхийг хүссэн. Гэтэл тэдний зүгээс танай нөхөр, хүү чинь манай хөлсний ажилчид байсан. Тиймээс мөнгө өгч чадахгүй гэсэн тайлбарыг өгсөн л дөө.

 

-Тус компанид хэчнээн Монгол ажилчин байдаг вэ?

-Ихэнх нь Хятад ажилчин байдаг. Монгол ажилчин нь тав бий.     

 

 

 

 

 

Тус компанид ажиллаж байсан В.Батсүхийн эхнэр Ч.Мөнхцэцэгтэй ийнхүү ярилцсаны дараа Баруун дөрвөн замд байрлах “Тод Чоно” компанийн оффис дээр очсон юм. Гадна талдаа хятад ханзаар бичсэн өрөөнд хэсэг Хятад ажилчид байсан бөгөөд ямар ч мэдээлэл өгөхгүй, мэдэхгүй гэв.

 

 

 

 

 

“Тод Чоно” компанийн хувьд барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд одоогоор “Дүнжингарав” худалдааны төвийн баруун талд 16 давхар орон сууцыг барьж байгаа юм. Улмаар тус барилгад очсон боловч мөн л мэдээ, тайлбар өгөх хүн байсангүй.

 

 

 

 

 

 

Иргэн Ч.Мөнхцэцэгийн гаргасан гомдлын дагуу “Тод Чоно” компанийн цайны газарт шалгалт хийсэн БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн Эрүүл ахуйн халдвар, хамгааллын Улсын ахлагч байцаагч Ж.Дашмаатай уулзсан юм.

 

-“Тод Чоно” компанид ажиллаж байсан В.Батсүхийн эрүүл мэнд тун хүнд байгаа гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Эрүүл мэнд нь муудах шалтгаан нь тус компанийн ажилчиддаа өгч байсан хоолтой холбоотой гэсэн юм. Мэргэжлийн хяналтын хэлтсийнхэн тус компанийн цайны газрыг шалгаад  ямар дүгнэлт гаргасан бэ?

-Түүний хүү Б.Очгэрэлийн гаргасан гомдлын дагуу “Тод Чоно” компанийн ажилчдын цайны газарт шалгалт хийсэн. Шалгалтаар тухайн ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй учраас Улсын байцаагчийн акт үйлдэж, үйл ажиллагааг нь газар дээр нь зогсоосон. Тус цайны газарт байсан тухайн өдрийн хоол, хүнсний ногоо, ундны уснаас дээж аван нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторит шинжилгээ хийсэн. Харин шинжилгээний хариугаар хоолноос “Цитро бактери” илэрсэн бөгөөд ундны усанд бичил биетний тоо зөвшөөрөгдөх хэмжээнээс хоёр дахин их байсан. Мөн халуунд тэсвэртэй гэдэсний савханцар илэрсэн.

 

-Эрүүл ахуйн шаардлага хангаагүй “Тод Чоно” компанийн цайны газарт ямар хариуцлага хүлээлгээд байгаа вэ?

-Үйл ажиллагааг нь зогсоохоос гадна хуулийн дагуу 960 мянган төгрөгөөр торгосон.

 

-Шалгалтаар илэрсэн бактери, бичил биетнүүд хорт хавдар үүсгэх хэмжээний аюултай юу?

-Шалгалтаар илэрсэн тус бактери нь эмгэг төрүүлэгч биш. Зөвхөн тухайн байгууллагын эрүүл ахуй, ариун цэвэр муу байгааг л илтгэж байгаа юм. Энэ талаарх шалгалтын дүнг гомдол гаргагч иргэнд хүргүүлсэн.

 

Мэргэжлийн хяналтын хэлтсийн зүгээс ийм тайлбар өгөв. Мөн БЗД-ийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн нөхцөл байдлын байцаагчийн зүгээс гомдол гаргагч талд “Хятад улсын иргэн Сун Зи Хуатай аман хэлцэлээр байгуулсан гэрээний дагуу ажил гүйцэтгэж байсан тухай түүний бичгээр ирүүлсэн тайлбар, “Тод Чоно” ХХК-иас ирүүлсэн 2013 оны аравдугаар сарын 13-ны өдрийн албан бичиг, мөн таны өөрийн өгсөн тайлбараар нотлогдож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6-д заасны дагуу иргэд хоорондын хөдөлмөрийн гэрээний талаарх гомдлоо харьяаллын дагуу шүүхэд гаргах нь зүйтэй” гэсэн албан бичгийг өгсөн байна.

 

Тиймээс гадаадын хөрөнгө оруулалттай барилгын компанид ажиллаж байгаа Монгол ажилчдын цалин хөлс, ажиллах орчин эрх зүйн хүрээнд ямар байдаг талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн аюулгүй байдлын Улсын ахлах байцаагч Ц.Энхсайханаас тодруулсан юм.

 

-Гадаад болон Монгол ажилчдыг хэрхэн ажиллуулдаг юм бэ?

-Ажиллах хүч гадаадад гаргах, ажиллах хүч гадаадаас авах тухай хуулийн дагуу гадаадын иргэдийг ажиллуулдаг. Ажиллуулахдаа тухайн аж ахуйн нэгжийн дүрмийн сан, Монгол ажилчидтай харьцуулсан харьцаанаас хамаарсан квот тогтоодог. Тиймээс тогтоосон квотын дагуу л ажиллуулдаг.

 

-Цалин хөлсний хувьд эрс ялгаатай байдаг. Энэ талаар маш их шүүмжлэл гардаг шүү дээ?

-Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлсний хувьд гадаад, дотоод гэж ялгалгүй яг адилхан байх ёстой гэж заасан байдаг. Харин тухайн компани ажилчидтайгаа ямар гэрээ байгуулахад хуулийн байгууллагын зүгээс оролцох эрх зүйн үндэс байхгүй.

 

-Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын хөрөнгө оруулалттай барилгын компаниуд сүүлийн жилүүдэд ихээр зөрчил гаргах боллоо. Энэ талаар хяналт шалгалтыг хэр хийж байгаа вэ?

-Энэ жилийн хувьд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн таван сараас барилгын компаниудад хяналт шалгалт хийж байгаа.

 

-Шалгалтын дүн ямар байх юм бэ?

-Шалгалтын дүнг нэгтгэх шатандаа явж байна.

 

Үүнээс гадна барилгын салбарт ажиллаж буй Монгол ажилчдын Нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой асуудлаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Нийгмийн хамгааллын хяналтын Улсын ахлах байцаагч Б.Өлзийтэй уулзсан юм.

 

-Барилгын салбарт ажиллаж буй Монгол ажилчдын Нийгмийн даатгал төлөлтийн асуудал ямар байдаг вэ?

-Барилгын салбарт ажиллаж буй Монгол ажилчдын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн асуудалд ерөнхийдөө гурван зөрчил илэрч байдаг. Энэ нь тухайн салбарт ажиллаж буй ажиллагсад өөрсдөө болон аж ахуйн нэгж байгууллагын зүгээс нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол байдаггүй. Мөн зарим аж ахуйн нэгж байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлдөг гэсэн зөрчлүүд юм.

 

-Зөрчлийг арилгахын тулд ямар арга хэмжээ авах вэ?

-Зөрчлийг арилгахын тулд тухайн аж ахуйн нэгж байгууллага Монгол Улсын хууль, дүрмийг нарийн судлах хэрэгтэй. Биелүүлэхийг холбогдох байгууллага шаардах эрхтэй. Мөн тухайн аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж буй ажиллагсад өөрсдөө мөн хуулиа сайн мэдэж байх хэрэгтэй.

 

-Гадаадын хөрөнгө оруулалттай барилгын компанид ажиллаж буй Монгол ажилчдын зүгээс нийгмийн даатгал болон цалин хөлстэй холбоотой асуудлаар гомдол гаргадаг уу?

-Энэ асуудлаар гомдол гаргадаг. Гэхдээ энэ гомдлыг эхний ээлжинд ялгаж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ асуудлыг тухайн харьяалал бүхий Нийгмийн даатгалын хэлтэс шалгаж үзээд шийдвэрлээгүй тохиолдолд хөндлөнгийн байгууллага буюу Мэргэжлийн хяналтын ерөнхий газар шалгах юм.

 

Б.Ням

Сонирхолтой мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй